Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл боловсруулах, батлан гаргах ажлын хүрээнд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Дамдинням, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Б.Пүрэвдорж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал нарын төлөөлөгчид 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 3 дугаар сарын 10-ны өдрүүдэд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс (ИБУИНХУ), Ирланд Улсад ажиллалаа.
Төлөөлөгчид ИБУИНХУ-ын парламентын гишүүн, Гадаад худалдааны яамны экспорт хариуцсан сайд Майк Фриер, парламентын гишүүн, Ерөнхий сайдын Монгол Улсыг хариуцсан худалдааны элч Даниэль Кавчинскитэй уулзаж хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар болон Монгол Улсын Шинэ сэргэлтийн бодлого, Монгол Улсад уул, уурхайн бүтээгдэхүүний бирж, үндэсний баялгийн сан байгуулах асуудлаар харилцан санал солилцлоо.
Айлчлалын бүрэлдэхүүн Лондонгийн металлын бирж, Ирланд Улсын Үндэсний стратегийн сангийн төлөөлөгчидтэй уулзаж Монгол Улсад байгуулахаар төлөвлөж байгаа уул, уурхайн бүтээгдэхүүний бирж болон Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийж, эдгээр байгууллагын үйл ажиллагаа, туршлагатай танилцлаа. Ажлын айлчлалын хүрээнд төлөөлөгчид Монгол Британийн Худалдааны танхимаас хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд зориулан зохион байгуулсан арга хэмжээнд оролцож Улсын Их Хурал, Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа, Шинэ сэргэлтийн бодлого, түүнд тусгагдсан төслүүдийн талаар мэдээлэл өгч, сонирхсон асуултад хариуллаа.

Лондон дахь ЭСЯ